Saturday, April 25, 2009

Хэн нэгэн байна уу?

Сонсохгүйгээр ойлгох хэн нэгэн , ярихгүйгээр ойлгуулах хэн нэгэн, новшрохгүйгээр нөхөрлөх хэн нэгэн, эмээлгүйгээр итгэж болох хэн нэгэн .....
Уйлахгүйгээр уярааж чадах хэн нэгэн, уурлахгүйгээр ухааруулж чадах хэн нэгэн, ул шагайхгүйгээр найзалж чадах хэн нэгэн, урам хугалахгүйгээр хамт байж чадах хэн нэгэн.....
Байна уу? Олдох уу? Чадах уу?

Сэтгэл рүү ус гоожуулахгүй хэн нэгэн, гал руу бензин цацахгүй хэн нэгэн, итгэл рүү чулуу шидэхгүй хэн нэгэн, инээмсэглэлийг нулимс болгохгүй хэн нэгэн .....
Бодлыг хүндэлдэг хэн нэгэн, санаснаа солилцож чаддаг хэн нэгэн, ил далд явуургүй зангүй хэн нэгэн, итгэл дааж нөхөрлөж чаддаг хэн нэгэн....

Байгаа юу? Үнэн үү? Хайж байна!

Миний харсан цонх

/Танд л гэж зөвлөхөд... "Аль нь вэ хө?" гэсэн бичлэгийг уншсаныхаа дараа энэ бичлэгийг уншвал илүү сонирхолтой байх шүү. /

Өмнөх "Аль нь вэ хө?" бичлэгийн хувьд өөрийнхөө түлхүүрийг одоо бичье ээ. Юуны өмнө сэтгэгдэл үлдээсэн хүмүүстээ үнэхээр их баярлалаа. Хүн болгон өөрсдийнхөөрөө бодож, төсөөлж, харж байгаа. Хүний сэтгэлгээ гэдэг агуу учраас нэг зүйлээс л олон зүйлийг ургуулан төсөөлж чадах юм аа . биширлээ

Нэг найзтайгаа лекцийнхээ цаг дээр бичиг дамжуулан байж мэтгэлцсэний дүнд тэдгээр тэмдэгтүүдийг олж би ялах ухааны юм болсон юм л даа. Тэр яриа маань юун тухай байсан бэ гэвэл "Хайр" .
"Бүтдэг, бүтдэггүй, болдог , болдоггүй..." гээд дээр доор хажуу хавирганаас нь ухаж сэндийчин довтлох шахуу ярилцсаны эцэст "мөн ,биш " гэдэг асуулт дээр яах аргагүй тулж ирэх нь тэр ээ.
Тэр лекцийн 1.30 минутын хурданг яана, бид хоёрын бичгэн мэтгэлцээний дуусдаггүйг яана гэлтэй л урвуу хамааралтай үйл явдлууд өрнөж байсан тэр агшинд мэтгэлцээнд маань цэг тавиулсан энэ тэмдэгтүүдийн хослол нисч ирэв ээ хө. Өөрт нь хамааралтай юм яриад байхаар дурлалын бурхан нь ч шидчихсэн юм билүү хэн мэдэх вэ хэ хэ .
Ямартай ч анд маань " хоёр хүн бие бие рүүгээ хандаж байж тэр нь хайр болж , бүтнэ., харин нэг нь хараад л харуулдаад л байвал ямар юмны хайр байдгийн" гэж хэлснийг няцааж чадсан нь бүтээгүй ч гэсэн цээжин дотроо хайр тээсэн зүрхтэй, болоогүй ч гэсэн сэтгэл даяараа хайрлаж чадсан тэр л хүмүүсийн зүрхийг өмгөөлөх бамбай болсон юм гэвэл жаахан л хэтрүүлэгтэй болчлоо.
Миний бодлоор -> <- энэ бол хайр мөн ., бүтэмжтэй , золтой хайр
-> - >
<- <- энэ 2 ч гэсэн хайр мөн., золгүй ч ухаалаг , тэвчээртэй хайр
<- -> энэ ч гэсэн хайр мөн., гагцхүү азгүй ч , шаналалгүй хайр...


Миний төсөөлж харсан цонх бол эхний ээлжинд энэ байсан юм. Гэхдээ харах цонхоо, зүүх нүлний шилээ хүн болгон өөрөө сонгож олдог учраас эдгээр тэмдэгтээр юу илэрхийлж, яаж харах тань ёстой та л мэдэх хэрэг.
Нэг зүйлийг дурдахгүй байж чадахгүйнэ. Сэтгэгдэл үлдээсэн хүмүүсийн харсан өөр цонхнууд ч гэсэн үнэхээр сонирхолтой байсан болохоор би тэр цонхоор харахыг бас хүссэн шүү. Би нэг байшин дотор байгаа гэвэл одоогийн цөөхөн өрөөнд л орж цонхоор нь харж үзлээ. Одоо бусад өрөөнүүдийг үзнээ..

Аль нь вэ хө?

-> <- энэ үү?
-> ->
<- <- харин энэ 2 уу?
<- - > эсвэл бүр энэ нь юм уу?

та нарт эдгээр тэмдэгтүүд яг юуг санагдуулж байна? Тэдгээр бодсон зүйлээсээ алийг нь хамгийн сайн нь, зөв нь гэх мэтээр илүүд үзэж байгаагаа бичээрэй хө.

Надад ч гэсэн нэг бодсон юм байна. Удахгүй энэ санаагаа хуваалцанаа.
Аль нь вэ хө?

Гэгээн Валентины өдрийн түүх

Валентины баяр Ромын эзэнт гүрний үеэс үүсэлтэй. Эртний Ромд 2-р сарын 14-ний нь “ Шударга Жуно”-ийн баярын өдөр байжээ. Жуно бол Ромын бурхад ба охин тэнгэрүүдийн хатан хаан нь билээ. Ромчууд түүнийг бүсгүйчүүдийн болон гэрлэлтийн охин тэнгэр гэдгээр нь сайн мэддэг байв.

Дараагийн өдөр буюу 2-р сарын 15-нд нь Луперкалиа-ийн баяр эхэлдэг. Тухайн үед залуу хөвгүүд , охид хоорондоо тусгаар байх ёс горимтой байсан хэдий ч залуу хөвгүүд нэр сугалах уламжлал бий. Луперкалиа-ийн баярын өмнөх орой Ромын залуу охидын нэрс цаасны хэсэг дээр бичигдэн вааранд хийгддэг.

Залуус болгон ваарнаас нэр сугалан баярын үйл ажиллагаа дуустал нэрийг нь сонгосон бүсгүйтэйгээ хамт байх ёстой. Заримдаа тэдгээр хосуудын үерхэл үргэлжилж улмаар бие биедээ хайртай болон гэрлэх тохиолдол ч гарч байжээ.



Манай эриний III зуунд Ромын II Клаудиус хаан маш олон цуст хэрэг өдүүлж харгис хэрцгийгээрээ нэр нь түгсэн нэгэн байсан. Тэр үед Клаудиус хааны армид цэрэг татагдах эрчүүд тун ховор байсны гол шалтгааныг Ромын эрчүүд өөрийн хайр сэтгэлийг болоод гэр бүлээ орхихыг хүсдэггүйтэй холбоотой гэж үздэг улмаар Ромд хосууд гэрлэх, сүй тавихыг бүр мөсөн хоригложээ.

Клаудиус II хааны үед Ромд Гэгээн Валентин нэрт санваартан аж төрж байсан ба Гэгээн Мариус гэж ламтны хамтаар Христийн үйл хэргийг орхигдуулахгүйн тулд залуу хосуудыг нууцаар бурханы нэрийн өмнөөс адислан гэрлүүлдэг байсан ажээ.
Домогт өгүүлснээр Гэгээн Валентин цаазлуулахын өмнө өөрийн найз шоронгийн харгалзагчийн охинтой салах ёс гүйцэтгэхээр захиа үлдээхдээ “Чиний Валентинаас” хэмээн бичсэн байсан бөгөөд энэ нь Валентины баяраар захидал бичих уламжлалын эхлэл гэж үздэг.

Түүнчлэн энэ үед эртний Ромын уламжлалт заншил Луперкалиа-ийн баяр 2-р сарын дунд үед тохиодог байсныг эхэн үеийн номлогч нар Валентины өдөртэй хамтатган тэмдэглэх болсон байна.

Ийнхүү хайрт хосуудын төлөө өөрийн амийг өргөсөн Гэгээн Валентин санваартны нас эцэслэсэн өдөр хайрт хосуудын бие биенээ олох өдөртэй давхцан дэлхий даяар Гэгээн хайрын өлөр болон тэмдэглэгдэх болсон байна.

Элийрсэн үеийн шүлгүүд

Гэгэлзэн санах сэтгэлийг минь анзаардаг эсэхийг мэдэхгүй
Гэнэт гэнэтхэн харахыг хүсдгийг минь мэдэрдэг эсэхийг мэдэхгүй
Гэнэхэн зүрхээ зөвхөн чамд л хадгалсныг ажигласан эсэхийг мэдэхгүй
Гэсэн ч би чамайг хайрлахгүй байж чадахгүй
Цохилох зүрхэнд чинь өөр хүн байдгийг мэдэх ч
Цэлмэг сэтгэл чинь өрөөл нэгнийг боддогийг мэдэх ч
Хайрласан хайр чинь үүрд түүнийх гэдгийг ойлговч
Харин би чамайг хайрлааа зогсоож чадахгүй.
Тэмүүлэх сэтгэл чинь бусдын зүгт гэдгийг мэдэх ч
Тэгтлээ их санаад байгаагаа ойлгохгүй байна
Бүхий л хайраа түүндээ зоиулсныг чинь мэдэх ч
Бодох бодолд чи байгааг болиулж би чадахгүй.

* * *

Хайр гэж ийм байдаг юм бол
Хамаг бие шаналдаг юм бол
Харин ч нэг холуур баймаар юм байна
Зөнд нь хаях гэхээр санагдаад байх юм
Зөрөөд явчих гэхээр тааралдаад байх юм
Зүрхээ нуучих гэхээр хулгайлчихаад байх юм
Зүүрмэглээд хоцорчих гэхээр сэрээчихээд байх юм
Харах нүдийг минь татчихаад л байх юм
Харамлах сэтгэлийг минь бадраачихаад л байх юм
Хайр гэж ийм байдаг юм бол
Хамаг сэтгэл шархирдаг юм бол
Харин ч нэг холуур баймаар юм байна

* * *

Сандал ширээ хоёрыг хамт хэлдэг нь зуршил
Санаа заяа хоёрыг холбож хэлдэг нь зүйрлэл
Сайхан, муухай хоёрыг харьцуулж ярьдаг нь эсрэгцүүлэл
Санах, бодох хоёрын зэрэг мэдрүүлдэг нь хайр
Тоо, ухаан хоёрыг хослож хэлсэн нь шүлэг
Толгой бие хоёрыг холбож тогтоох нь хүзүү
Тооно, унь хоёрыг хамтад нь байлгадаг нь гэр
Тоосго, цэцэг хоёрыг цуг барьсан нь клип. хэ хэ

Хайртай түүнийг минь бүү гомдоо!

Хайрлахыг хүсэвч биелүүлж болохгүй
Харамлахыг хүсэвч эрх нь олгогдоогүй
Харахыг хүсэвч учрал нь тохиогоогүй
Хамт байхыг хүсэвч даанч надад ирээгүй
Хатан зүрхний минь эзэн түүнийг бүү гомдоо охин минь
Санах сэтгэлээ мартан байж аз жаргалыг ерөөсөн
Шаналах зүрхээ даран байж сайн сайхныг хүссэн
Догдлох мэдрэмжээ хууран байж амжилтыг шивнэсэн
Дурлал нь бүтээсэй гэсэндээ араас нь дуудалгүй явуулсан
Булиглах зүрхний минь эзэн түүний
Бүлээн нулимсыг бүү дуслуулаач охин минь
Чамд л хайртай сэтгэлийг нь бодоод
Чамд л үнэнч итгэлийг нь ойлгоод
Чамайг л гэсэн зүрхийг нь мэдрээд
Чи түүнийг минь бүү зовоогооч.

Хэн нэгний хүсээд ч хүрэхгүй тэр л зүйлийг зарим нэг нь дэндүү эс ойшоох юм даа. Бороонд дуртай , түүнийг тэсэн ядан хүлээдэг газар байж болно. Харин эсрэгээр түүнээс уйдаж залхсан дургүй газар байж ч болно. Гэтэл бороо гантай газар нь биш үертэй газар нь дуслаад л, шиврээд л, асгараад л байх нь бий.
ГАНТАЙ ГАЗАР ЯДАЖ ДУСАЛ БОРООГ Ч БОЛОВ ХИЧНЭЭН ИХ ХАРУУЛДАН ХҮЛЭЭДГИЙГ БОРОО ДААНЧ ҮЛ МЭДЭХ НЬ ХАРАМСАЛТАЙ.


засварлах

Өөрийгөө өмөөрөхүй

Би өөрийгөө ярих дуртайдаа ч биш
Надад ойрхон жишээ болохоор л тэр
Би өөрийгөө хөөргөх хүсэлтэйдээ ч биш
Урам хэрэгтэй байсандаа л тэр
Би өөрийгөө өмөөрөх араншинтайдаа ч биш
Зөв санагдсан болохоор л тэр
Би өөрийгөө гамнах донтойдоо ч биш
Хайрладаг болохоор л тэр
Би өөрийгөө дэвэргэдэгтээ ч биш
Ойлгодог учраас л тэр
Би өөрийгөө өөгшүүлдэгтээ биш
Мэдэрдэг учраас л тэр
Би өөрийгөө бурхан гэж боддогтоо ч биш
Итгэдэг болоод л тэр
Би өөрийгөө тэнгэртэй зүйрлэсэндээ ч биш
Өөдрөг байдагтаа л тэр.

Өөрөөрөө л ...

Тэнгис далай давалгаалан шуугих шиг бодогдож
Тэнгэр нуран дэлхий хөмрөх мэт санагдаж
Юм бүхэн чиний эсрэг юм шиг байвч
Ерөөс зөвхөн өөрөөрөө л бай
Анд нөхөд чинь чамаас урваж
Ах дүүс чинь нүүр буруулж
Амьдрал хүртэл чамаас урвасан мэт байлаа ч
Агшин бүрийг алдалгүй өөрөөрөө л бай
Хүссэн бүхэнд чинь хясал саад хий
Хүн бүхэн чамаас зай авч
Хүлээсэн хайр чинь чамаас тойроод байх шиг бодогдовч
Хоног өдрийн уртад өөрөөрөө л бай
Үе чацуу охид гоёж гангалан гунхаж
Үерхэдэг хөвгүүнээ чамд сайрхан ярьж
Үнэтэй чамин зүйлээ гайхуулан байвч
Үргэлж дандаа өөрөөрөө л бай
Зүрх сэтгэл дэх хөвгүүн чамайг анзаарахгүй
Зөвхөн чамайг л ер сонирхохгүй
Зөрж өнгөрөөд байх шиг санагдавч
Зүгээр л ямагт өөрөөрөө бай
Бусдыг дуурайн маяглалаа гээд
Будаж шунхдан гангаллаа гээд
Гоё ганган хувцасны цаана
Гоёл чимэг будгийн цаана
Чи өөрөө хуучнаараа л байна
Чин зүрх чинь хэвээрээ л байна
A.Z