Saturday, April 25, 2009

Зүрх хуваагддаг уу

Хэнхдэг цээжийг ярж, цусыг урсган, цохилт нь дуусаагүй махан зүрхийг гаргаж ирэн хэрчиж хуваах биш. Харин татагдсан, таалсан, сонирхсон, шохоорхсон зүрх хуваагдаж болдог болов уу?
Гэрт ч гадаа ч , элсний талбай дээр ч, эргэдэг тоглоом дээр ч өөрөөсөө салгахыг хүсдэггүй энгийн л нэг хэрнээ энгүүн санагддаг нэгэн чихмэл бамбарууш надад байлаа. Олон ч жил түүнтэй онцолж хамт байсан даа. Унтах нойрондоо зүүдээ мануулах гэсэн юм шиг хажуудаа тавина, уйлагнаж гомдоллох үедээ хуваалцах гэсэн юм шиг түүнийг элгэндээ тэвэрнэ. Уур хүрсэн үедээ хана руу чулуудна. Ургах нар, шингэх сарны хооронд тэр гарт минь биш юмаа гэхэд сэтгэлд минь хамт л байсаар уджээ. Ганц л зүйл нь хэчнээн их дуртайг минь, хэдий хэр ч хамаагүй хамт байх хүсэлтэйг минь тэр мэддэг юм болов уу ер нь? Энгэртээ наахад дулаахан байдаг нь, элгэндээ тэвэрэхэд зөөлхөн байдаг нь, уурлаад шидэхэд уучлаад байдаг нь , уйлагнаад очиход тайтгаруулаад байдаг нь ... Надад ч бас зүгээргүй байхаа.

Ойрноос надад хачин зүйл тохиолдлоо. Онцын содон биш ч хараад л баймаар, олдохгүй үнэтэй биш ч бариад л авмаар тийм нэгэн чихмэл гавар жигтэй ихээр таалагдах боллоо. Тэврээд үзвэл ямар байх бол? хамт тогловол ямар байх бол? дэрлээд унтвал зөөлхөн болов уу гэсэн сонин бодолд эргэлдэх боллоо.

Гэхдээ хөтлөөд явж байна гэж төсөөлөх тэр л мөчид хуучин бамбаруушаа санаад байх юм. Аваад явлаа гэх тэр л мөчид анхны бамбарууш минь бодогдоод байх юм. Гавраа аваад явъя гэхээр ганцхан бамбаруушаа орхимооргүй л байх юм. Бамбаруушаа цүнхлээд гаръя гэхээр бас л гавраа үлдээмээргүй л байх юм.

Миний зүрхэнд хоёулаа тэнцүүхэн хэмжээтэй болов уу. Мэтгэж зөөлгүйгээр аль нэгийг нь сонгох ёстойн болов уу. Аль эсвэл ердөө л миний шунал юм болов уу. Андуу ташаа бодлын үйлийн үр юм болов уу. Гэлээ гээд хэн хэнийг гомдоомооргүй байдаг, Гэсэн ч мийний зүрх хагасаараа байж чадахийн болов уу даа.

No comments:

Post a Comment