Saturday, April 25, 2009
Хэн нэгэн байна уу?
Уйлахгүйгээр уярааж чадах хэн нэгэн, уурлахгүйгээр ухааруулж чадах хэн нэгэн, ул шагайхгүйгээр найзалж чадах хэн нэгэн, урам хугалахгүйгээр хамт байж чадах хэн нэгэн.....
Байна уу? Олдох уу? Чадах уу?
Сэтгэл рүү ус гоожуулахгүй хэн нэгэн, гал руу бензин цацахгүй хэн нэгэн, итгэл рүү чулуу шидэхгүй хэн нэгэн, инээмсэглэлийг нулимс болгохгүй хэн нэгэн .....
Бодлыг хүндэлдэг хэн нэгэн, санаснаа солилцож чаддаг хэн нэгэн, ил далд явуургүй зангүй хэн нэгэн, итгэл дааж нөхөрлөж чаддаг хэн нэгэн....
Байгаа юу? Үнэн үү? Хайж байна!
Миний харсан цонх
Өмнөх "Аль нь вэ хө?" бичлэгийн хувьд өөрийнхөө түлхүүрийг одоо бичье ээ. Юуны өмнө сэтгэгдэл үлдээсэн хүмүүстээ үнэхээр их баярлалаа. Хүн болгон өөрсдийнхөөрөө бодож, төсөөлж, харж байгаа. Хүний сэтгэлгээ гэдэг агуу учраас нэг зүйлээс л олон зүйлийг ургуулан төсөөлж чадах юм аа . биширлээ
Нэг найзтайгаа лекцийнхээ цаг дээр бичиг дамжуулан байж мэтгэлцсэний дүнд тэдгээр тэмдэгтүүдийг олж би ялах ухааны юм болсон юм л даа. Тэр яриа маань юун тухай байсан бэ гэвэл "Хайр" .
"Бүтдэг, бүтдэггүй, болдог , болдоггүй..." гээд дээр доор хажуу хавирганаас нь ухаж сэндийчин довтлох шахуу ярилцсаны эцэст "мөн ,биш " гэдэг асуулт дээр яах аргагүй тулж ирэх нь тэр ээ.
Тэр лекцийн 1.30 минутын хурданг яана, бид хоёрын бичгэн мэтгэлцээний дуусдаггүйг яана гэлтэй л урвуу хамааралтай үйл явдлууд өрнөж байсан тэр агшинд мэтгэлцээнд маань цэг тавиулсан энэ тэмдэгтүүдийн хослол нисч ирэв ээ хө. Өөрт нь хамааралтай юм яриад байхаар дурлалын бурхан нь ч шидчихсэн юм билүү хэн мэдэх вэ хэ хэ .
Ямартай ч анд маань " хоёр хүн бие бие рүүгээ хандаж байж тэр нь хайр болж , бүтнэ., харин нэг нь хараад л харуулдаад л байвал ямар юмны хайр байдгийн" гэж хэлснийг няцааж чадсан нь бүтээгүй ч гэсэн цээжин дотроо хайр тээсэн зүрхтэй, болоогүй ч гэсэн сэтгэл даяараа хайрлаж чадсан тэр л хүмүүсийн зүрхийг өмгөөлөх бамбай болсон юм гэвэл жаахан л хэтрүүлэгтэй болчлоо.
Миний бодлоор -> <- энэ бол хайр мөн ., бүтэмжтэй , золтой хайр
-> - >
<- <- энэ 2 ч гэсэн хайр мөн., золгүй ч ухаалаг , тэвчээртэй хайр
<- -> энэ ч гэсэн хайр мөн., гагцхүү азгүй ч , шаналалгүй хайр...
Миний төсөөлж харсан цонх бол эхний ээлжинд энэ байсан юм. Гэхдээ харах цонхоо, зүүх нүлний шилээ хүн болгон өөрөө сонгож олдог учраас эдгээр тэмдэгтээр юу илэрхийлж, яаж харах тань ёстой та л мэдэх хэрэг.
Нэг зүйлийг дурдахгүй байж чадахгүйнэ. Сэтгэгдэл үлдээсэн хүмүүсийн харсан өөр цонхнууд ч гэсэн үнэхээр сонирхолтой байсан болохоор би тэр цонхоор харахыг бас хүссэн шүү. Би нэг байшин дотор байгаа гэвэл одоогийн цөөхөн өрөөнд л орж цонхоор нь харж үзлээ. Одоо бусад өрөөнүүдийг үзнээ..
Аль нь вэ хө?
-> ->
<- <- харин энэ 2 уу?
<- - > эсвэл бүр энэ нь юм уу?
та нарт эдгээр тэмдэгтүүд яг юуг санагдуулж байна? Тэдгээр бодсон зүйлээсээ алийг нь хамгийн сайн нь, зөв нь гэх мэтээр илүүд үзэж байгаагаа бичээрэй хө.
Надад ч гэсэн нэг бодсон юм байна. Удахгүй энэ санаагаа хуваалцанаа.
Аль нь вэ хө?
Гэгээн Валентины өдрийн түүх
Дараагийн өдөр буюу 2-р сарын 15-нд нь Луперкалиа-ийн баяр эхэлдэг. Тухайн үед залуу хөвгүүд , охид хоорондоо тусгаар байх ёс горимтой байсан хэдий ч залуу хөвгүүд нэр сугалах уламжлал бий. Луперкалиа-ийн баярын өмнөх орой Ромын залуу охидын нэрс цаасны хэсэг дээр бичигдэн вааранд хийгддэг.
Залуус болгон ваарнаас нэр сугалан баярын үйл ажиллагаа дуустал нэрийг нь сонгосон бүсгүйтэйгээ хамт байх ёстой. Заримдаа тэдгээр хосуудын үерхэл үргэлжилж улмаар бие биедээ хайртай болон гэрлэх тохиолдол ч гарч байжээ.
Манай эриний III зуунд Ромын II Клаудиус хаан маш олон цуст хэрэг өдүүлж харгис хэрцгийгээрээ нэр нь түгсэн нэгэн байсан. Тэр үед Клаудиус хааны армид цэрэг татагдах эрчүүд тун ховор байсны гол шалтгааныг Ромын эрчүүд өөрийн хайр сэтгэлийг болоод гэр бүлээ орхихыг хүсдэггүйтэй холбоотой гэж үздэг улмаар Ромд хосууд гэрлэх, сүй тавихыг бүр мөсөн хоригложээ.
Клаудиус II хааны үед Ромд Гэгээн Валентин нэрт санваартан аж төрж байсан ба Гэгээн Мариус гэж ламтны хамтаар Христийн үйл хэргийг орхигдуулахгүйн тулд залуу хосуудыг нууцаар бурханы нэрийн өмнөөс адислан гэрлүүлдэг байсан ажээ.
Домогт өгүүлснээр Гэгээн Валентин цаазлуулахын өмнө өөрийн найз шоронгийн харгалзагчийн охинтой салах ёс гүйцэтгэхээр захиа үлдээхдээ “Чиний Валентинаас” хэмээн бичсэн байсан бөгөөд энэ нь Валентины баяраар захидал бичих уламжлалын эхлэл гэж үздэг.
Түүнчлэн энэ үед эртний Ромын уламжлалт заншил Луперкалиа-ийн баяр 2-р сарын дунд үед тохиодог байсныг эхэн үеийн номлогч нар Валентины өдөртэй хамтатган тэмдэглэх болсон байна.
Ийнхүү хайрт хосуудын төлөө өөрийн амийг өргөсөн Гэгээн Валентин санваартны нас эцэслэсэн өдөр хайрт хосуудын бие биенээ олох өдөртэй давхцан дэлхий даяар Гэгээн хайрын өлөр болон тэмдэглэгдэх болсон байна.
Элийрсэн үеийн шүлгүүд
Гэнэт гэнэтхэн харахыг хүсдгийг минь мэдэрдэг эсэхийг мэдэхгүй
Гэнэхэн зүрхээ зөвхөн чамд л хадгалсныг ажигласан эсэхийг мэдэхгүй
Гэсэн ч би чамайг хайрлахгүй байж чадахгүй
Цохилох зүрхэнд чинь өөр хүн байдгийг мэдэх ч
Цэлмэг сэтгэл чинь өрөөл нэгнийг боддогийг мэдэх ч
Хайрласан хайр чинь үүрд түүнийх гэдгийг ойлговч
Харин би чамайг хайрлааа зогсоож чадахгүй.
Тэмүүлэх сэтгэл чинь бусдын зүгт гэдгийг мэдэх ч
Тэгтлээ их санаад байгаагаа ойлгохгүй байна
Бүхий л хайраа түүндээ зоиулсныг чинь мэдэх ч
Бодох бодолд чи байгааг болиулж би чадахгүй.
* * *
Хайр гэж ийм байдаг юм бол
Хамаг бие шаналдаг юм бол
Харин ч нэг холуур баймаар юм байна
Зөнд нь хаях гэхээр санагдаад байх юм
Зөрөөд явчих гэхээр тааралдаад байх юм
Зүрхээ нуучих гэхээр хулгайлчихаад байх юм
Зүүрмэглээд хоцорчих гэхээр сэрээчихээд байх юм
Харах нүдийг минь татчихаад л байх юм
Харамлах сэтгэлийг минь бадраачихаад л байх юм
Хайр гэж ийм байдаг юм бол
Хамаг сэтгэл шархирдаг юм бол
Харин ч нэг холуур баймаар юм байна
* * *
Сандал ширээ хоёрыг хамт хэлдэг нь зуршил
Санаа заяа хоёрыг холбож хэлдэг нь зүйрлэл
Сайхан, муухай хоёрыг харьцуулж ярьдаг нь эсрэгцүүлэл
Санах, бодох хоёрын зэрэг мэдрүүлдэг нь хайр
Тоо, ухаан хоёрыг хослож хэлсэн нь шүлэг
Толгой бие хоёрыг холбож тогтоох нь хүзүү
Тооно, унь хоёрыг хамтад нь байлгадаг нь гэр
Тоосго, цэцэг хоёрыг цуг барьсан нь клип. хэ хэ
Хайртай түүнийг минь бүү гомдоо!
Харамлахыг хүсэвч эрх нь олгогдоогүй
Харахыг хүсэвч учрал нь тохиогоогүй
Хамт байхыг хүсэвч даанч надад ирээгүй
Хатан зүрхний минь эзэн түүнийг бүү гомдоо охин минь
Санах сэтгэлээ мартан байж аз жаргалыг ерөөсөн
Шаналах зүрхээ даран байж сайн сайхныг хүссэн
Догдлох мэдрэмжээ хууран байж амжилтыг шивнэсэн
Дурлал нь бүтээсэй гэсэндээ араас нь дуудалгүй явуулсан
Булиглах зүрхний минь эзэн түүний
Бүлээн нулимсыг бүү дуслуулаач охин минь
Чамд л хайртай сэтгэлийг нь бодоод
Чамд л үнэнч итгэлийг нь ойлгоод
Чамайг л гэсэн зүрхийг нь мэдрээд
Чи түүнийг минь бүү зовоогооч.
Хэн нэгний хүсээд ч хүрэхгүй тэр л зүйлийг зарим нэг нь дэндүү эс ойшоох юм даа. Бороонд дуртай , түүнийг тэсэн ядан хүлээдэг газар байж болно. Харин эсрэгээр түүнээс уйдаж залхсан дургүй газар байж ч болно. Гэтэл бороо гантай газар нь биш үертэй газар нь дуслаад л, шиврээд л, асгараад л байх нь бий.
ГАНТАЙ ГАЗАР ЯДАЖ ДУСАЛ БОРООГ Ч БОЛОВ ХИЧНЭЭН ИХ ХАРУУЛДАН ХҮЛЭЭДГИЙГ БОРОО ДААНЧ ҮЛ МЭДЭХ НЬ ХАРАМСАЛТАЙ.
засварлах
Өөрийгөө өмөөрөхүй
Надад ойрхон жишээ болохоор л тэр
Би өөрийгөө хөөргөх хүсэлтэйдээ ч биш
Урам хэрэгтэй байсандаа л тэр
Би өөрийгөө өмөөрөх араншинтайдаа ч биш
Зөв санагдсан болохоор л тэр
Би өөрийгөө гамнах донтойдоо ч биш
Хайрладаг болохоор л тэр
Би өөрийгөө дэвэргэдэгтээ ч биш
Ойлгодог учраас л тэр
Би өөрийгөө өөгшүүлдэгтээ биш
Мэдэрдэг учраас л тэр
Би өөрийгөө бурхан гэж боддогтоо ч биш
Итгэдэг болоод л тэр
Би өөрийгөө тэнгэртэй зүйрлэсэндээ ч биш
Өөдрөг байдагтаа л тэр.
Өөрөөрөө л ...
Тэнгэр нуран дэлхий хөмрөх мэт санагдаж
Юм бүхэн чиний эсрэг юм шиг байвч
Ерөөс зөвхөн өөрөөрөө л бай
Анд нөхөд чинь чамаас урваж
Ах дүүс чинь нүүр буруулж
Амьдрал хүртэл чамаас урвасан мэт байлаа ч
Агшин бүрийг алдалгүй өөрөөрөө л бай
Хүссэн бүхэнд чинь хясал саад хий
Хүн бүхэн чамаас зай авч
Хүлээсэн хайр чинь чамаас тойроод байх шиг бодогдовч
Хоног өдрийн уртад өөрөөрөө л бай
Үе чацуу охид гоёж гангалан гунхаж
Үерхэдэг хөвгүүнээ чамд сайрхан ярьж
Үнэтэй чамин зүйлээ гайхуулан байвч
Үргэлж дандаа өөрөөрөө л бай
Зүрх сэтгэл дэх хөвгүүн чамайг анзаарахгүй
Зөвхөн чамайг л ер сонирхохгүй
Зөрж өнгөрөөд байх шиг санагдавч
Зүгээр л ямагт өөрөөрөө бай
Бусдыг дуурайн маяглалаа гээд
Будаж шунхдан гангаллаа гээд
Гоё ганган хувцасны цаана
Гоёл чимэг будгийн цаана
Чи өөрөө хуучнаараа л байна
Чин зүрх чинь хэвээрээ л байна
A.Z
Алт ч, алмаз ч хэрэггүй
Яагаад заавал алт гэдэг юм болоо? Эдийн шуналтай болохоороо үнэт металаар нэрлэе гэж бодоогүй нь лавтай байх гэж найдаж байгаа. Гэхдээ ер нь үнэ цэнийг нь бодож шуналын сэтгэлээр ингэж тодотгосон бол алмаз гэх байсан байсаар юм. За ямартай ч үүний учрыг мэдэхгүй юм даа. Харин нэг зүйлийг алттай зүйрлэмээргүй байгаагаа л мэдэж байна.
...Миний найзууд... Алт хэдий үнэтэй ч метал л юм хойно миний сэтгэлийн хөдөлгөөнийг мэдэрч чадахгүй шдээ, алмаз хэдий гоёмсог ч гэлээ хатуу чулуу л юм чинь намайг ямар ойлгож чадах биш.
Шаврын хаалт
Миний мэдэхээр ачааны машины ард талын дугуйны ард нэг төрлийн резинээр хийсэн тэгш өнцөгт хэлбэрийн салбагар зүйл унжиж байдгийг шаврын хаалт гэдэг юм билээ. Бусад машинд байдаг эсэхийг сайн мэдэхгүй л байна. Тэр зүйлийн шаардлага хэрэгцээ нь шавар, шавхаатай үед машины дугуйны арын аль нэг хэсэг рүү шавхай үсрэхээс хамгаалдаг бололтой. Тэгэхээр энэ шаврын хаалт чинь жижигхэн ч гэсэн овоо тус нэмэртэй эд байнаа. Миний л ярьдгаар нөгөө гай бологч лав бишээ. хэ хэ
Ингээд боджээ суухнээ хүн намайг шаврын хаалт гэвэл би тэр хүнд тус болох хэрэгтэй сайн үйлс бүтээсэн юм байна дөө гэж баярлахад болох нь ээ гэсэн хөгжилтэй бодол орж ирлээ л дээ.
Шаврын хаалт аа гэж...
Цасан буюу Анзаараагүй болгон байхгүй гэсэн үг биш
Яг өчигдөр өглөөг хүртэл би хотод орсон байгаа цасыг шороотой холилдож өнгөө алдсан, хөлдөж дагтаршаад халтирч савж унагах гулгуур бий болгосон, алхах хурдыг сааж, явах эрчийг бууруулдаг аюул осол нэмэгдүүлэхээс өөр ямар ч нэмэргүй гэж бодож байлаа. Товчхондоо цас гэх юу ч байхгүй хог гэж л ...
Гэтэл өчигдөр өглөө замын хажуугаар ганцаараа алхаж яваад анзаардаггүй байсан сайхан зүйлийг олж үзлээ. Өглөөний нар тэнгэрийн зүүн хаяанаас холдож амжаагүй байсан тул миний явах замын өөдөөс ээж байсан юм. Өнгөт хавтангийн завсраар орж чигчигдсэн болоод түүний ирмэгээр шороотой холилдож халтартсан ч гэлээ цас гялтганаж байлаа. Хүн хүний хөлд гишгэгдэж, шүлс, цэр зэргээр бохирлогдөж хөвсгөр, цагаан гээд цасны шинж байхгүй болсон ч гэлээ газраас тэд гялалзаж ,гялтганаж байлаа. Тэр л өглөөний нарны туяа илч гэрлээрээ дэмжихэд л цасны үнэн мөн чанар дорхноо л сэргэж , өөрийгөө харуулсан юм. Миний анзаараагүй болгон байхгүй гэсэн үг биш, би олж хараагүй бүхэн алга болсон хэрэг биш гэдгийг ухаарлаа. Яаж ч дарах , далдлах , нуух, хаах гэсэн ч жинхэнэ мөн чанар далдлагддаггүй юм байна.
Өөр бусад хэнийг ч бус, зөвхөн түүнийг л энэ амьдралдаа ганц л удаа авмаар байна.
Арга ч үгүй биз. Хүсэж , тэмүүлж, зорьж байж л амьдралын хүрд жинхэнэ утгаараа эргэх юм чинь .
Би бас дээр дурдсан нэг шуналт хүн шүү дээ. хэ хэ . Гэхдээ надад шунал байгаа учраас хүсэл байдаг, хүсэл байгаа учраас зорилго тодордог, зорилго байгаа учраас тэмүүлэл дүрэлздэг, энэ бүгд байгаа учраас би өөрийн хувь тавилан -хувь заяа- амьдралыг цогцлоохоор гүйж явна.
"Шунал ихэдвэл шулам болно " гэдэг үгтэй би лав санал нийлдэггүй юм. Их л зүйл мөрөөдөж хүсч байвал төдий чинээг авах нь тодорхой шдээ. Тиймээс хүсэх хэрэгтэй. Бүр хүсэж байгаа зүйлдээ шунан дурлаж биелүүлж бүтээх хэрэгтэй гэдэгтэй бол бүрэн санал нийлдэг.
Өө бүр сэдэвээсээ далийрчжээ. Та одоо хамгийн эхний өгүүлбэрийг унш даа. Яг юу нь тэгээд сонин юм бэ гэж асуумаар байна уу?
Бусад хүмүүсийг баттай хэлж мэдэхгүйм. Миний л хувьд ямартай ч тийм байх юм. өөрийн болгож авмаар байгаа зүйлээ авчих юм бол төд удалгүй сонирхол буураад шал өөр зүйл л сонирхол татаад байх юм. Сүүлдээ бүр ямар нэгэн юмыг өмчлөх, эзэмшилдээ авчхаас айх шиг .
Гэхдээ л яг одоо бол Өөр бусад хэнийг ч , хэдийг ч бус зөвхөн түүнийг л энэ амьдралдаа ганц л удаа авмаар байна. Дараа нь юу л болвол болог.
Ийм сул дорой болчихно гэж төсөөлсөнгүй
Өчигдөрхөн шийдсэн шийдвэрээ өнөөдөр болоход буцаахаас аргагүйд хүрчхийм
Урдханд нь зориглон байсан тэмцэнэ, чадна, бүтээнэ гэсэн итгэлийн оронд одоо салхинд хийссэн үнсний ором шиг л гутрангүй байдал, харуусал шиг хар өнгийн ором л үлдсэн байх шиг...
Хүн өөрийнхөө өнгөцхөн мэдрэмж, бодлоо л зөвхөн хуурахыг оролддог ч харин сэтгэлээ, зүрхээ хуурч чаддаггүйн байна. Хийх ёстой зүйлийнхээ талаар тархиндаа тушаал , лүндэн буулгаж чадах ч зүрхэндээ түүнийгээ дагаж мөрдүүлж хүчирдэггүйн байна. Юу хийх ёстой, юуг хийвэл зөв гэдгийг гадарладаг ч түүнээс яг эсрэгийг нь л хиймээр байдагтай яг адилхан.
Хийхийг хүссэн зүйлээ хийж чадкуу, бодож байгаа зүйлээ хэлж болохгүй хүлээсээр өөрийгөө хүлнэ гэдэг хамгийн тэнэг хэрэг мэт боловч энэнээс өөр арга үнэндээ байдгүйм байна. Хүнд чинь өөрийгөө бодохгүй золигт гаргаж, өрөөлийн аз жаргалыг бүтээсэй хэмээн түрүүнд тавих сэтгэл байдгийм байна шдээ. Би урд нь ойлгодоггүй байжээ.
Роман, кинон дээр гарах зарим түүхийг үзээд тэнэг мангараар нь бодож ,дуудаж байсан үеэ санахад тэр л үед түүнд төрж байсан мэдрэмжийг олж харалгүй мөчидхөн дүгнэж байсан өөрийгөө л одоо тэнэг байсныг бага ч гэсэн ойлголоо. Өөрөөсөө ч илүү хэн нэгний төлөө байх үе хүнд тохиолддог юм байна.
Хүн ер нь уйлахыг хүсдэг болов уу? Нэг л эхэлчихвэл хэзээ зогсох бол доо гэж санаа зовж байгаа нулимсаа гаргахыг хүсэвч барих мөч байдаг л юм байна. Уйлмаар байгаа ч уйлж чадкуум, инээмээргүй байгаа ч түүнээс өөр аргагүй болхийм...
Өглөөхөн л надад байсан зориг, тэвчээр оройдоо хулчгар , шантарган болцон байхийн
Өчигдөрхөн л намайг догдлуулж байсан түүнийг өнөөдөр бодоход догдолслн хэвээрээ ч уйлмаар шалтаг хавсарсан байхийм.
З байхгүй бол Ж нь ч байхгүй
Хамгийн гол бөгөөд гоё нь юу гээч ... Өөрөө өөрийнхөө бий болгосон бэрхшээлийг би өөрөө өөрийнхөө хүчээр даван туулж ард нь гарч чадчихлаа шүү дээ. Яг энэ л үед миний баярлаж байгаа сэтгэлийг шинэ юм худалдаж аваад баярлаж байгаа, сайхан зүйл үзээд бахархаж байгаа тэр л мэдрэмжүүд аль нь гүйцхээргүй байна.
- Хүний өөрийн хүчээр бий болгосон, олж авсан зүйл нь өөрт нь өрөөл бусдын ямар ч зүйлээс илүү. Бас өчигдрийн зовлон / яахав нийтлэгээр нь ингээд нэрлэчихье/ байхгүй бол өнөөдрийн жаргал бий болохгүй л юм байна шүү дээ. Бий боллоо гэж бодоход бэрхшээлийг давж, өөрийн хүчээр түүнийг олж авснаас илүүгээр өөрт нь бахархалтай баяртай, сайхан санагдах нь юу л бол . Тэгэхэээр зовлон бол жаргалын эхлэл. Гэхдээ эсрэгээрээ мөн хэтэрхий их жаргал / нам тайван / бас зовлогийн эхлэл гэдгийг ухаарлаа. Хамгийн ойрхон жишээ гэвэл оюутан бид нар цагийн юмыг цагт хийхгүй амар амгалан сайхан явж байхад шалгалт дөхөөд бүгд овоорчихсон л байдаг ш дээ.
Ингээд бодохоор шал эсрэг зүйл хоорондоо уялдаатай, бие биенийгээ байхгүйгээр нөгөөх нь оршин байж чадахгүй гэхээр хачин юм шүү. З байхгүйгээр Ж амтгүй. Ж байхгүйгээр З утгагүй.
Зүрх хуваагддаг уу
Гэрт ч гадаа ч , элсний талбай дээр ч, эргэдэг тоглоом дээр ч өөрөөсөө салгахыг хүсдэггүй энгийн л нэг хэрнээ энгүүн санагддаг нэгэн чихмэл бамбарууш надад байлаа. Олон ч жил түүнтэй онцолж хамт байсан даа. Унтах нойрондоо зүүдээ мануулах гэсэн юм шиг хажуудаа тавина, уйлагнаж гомдоллох үедээ хуваалцах гэсэн юм шиг түүнийг элгэндээ тэвэрнэ. Уур хүрсэн үедээ хана руу чулуудна. Ургах нар, шингэх сарны хооронд тэр гарт минь биш юмаа гэхэд сэтгэлд минь хамт л байсаар уджээ. Ганц л зүйл нь хэчнээн их дуртайг минь, хэдий хэр ч хамаагүй хамт байх хүсэлтэйг минь тэр мэддэг юм болов уу ер нь? Энгэртээ наахад дулаахан байдаг нь, элгэндээ тэвэрэхэд зөөлхөн байдаг нь, уурлаад шидэхэд уучлаад байдаг нь , уйлагнаад очиход тайтгаруулаад байдаг нь ... Надад ч бас зүгээргүй байхаа.
Ойрноос надад хачин зүйл тохиолдлоо. Онцын содон биш ч хараад л баймаар, олдохгүй үнэтэй биш ч бариад л авмаар тийм нэгэн чихмэл гавар жигтэй ихээр таалагдах боллоо. Тэврээд үзвэл ямар байх бол? хамт тогловол ямар байх бол? дэрлээд унтвал зөөлхөн болов уу гэсэн сонин бодолд эргэлдэх боллоо.
Гэхдээ хөтлөөд явж байна гэж төсөөлөх тэр л мөчид хуучин бамбаруушаа санаад байх юм. Аваад явлаа гэх тэр л мөчид анхны бамбарууш минь бодогдоод байх юм. Гавраа аваад явъя гэхээр ганцхан бамбаруушаа орхимооргүй л байх юм. Бамбаруушаа цүнхлээд гаръя гэхээр бас л гавраа үлдээмээргүй л байх юм.
Миний зүрхэнд хоёулаа тэнцүүхэн хэмжээтэй болов уу. Мэтгэж зөөлгүйгээр аль нэгийг нь сонгох ёстойн болов уу. Аль эсвэл ердөө л миний шунал юм болов уу. Андуу ташаа бодлын үйлийн үр юм болов уу. Гэлээ гээд хэн хэнийг гомдоомооргүй байдаг, Гэсэн ч мийний зүрх хагасаараа байж чадахийн болов уу даа.
Яаж харна тэгж харагдана
Бас нэгэн гайхалтай өгүүллэгийг нь бичихгүй байж чадсангүй ээ.
Францад хүнд ажил хийдэг хүмүүсийн үзэл бодлын талаар сэтгэгдлийг нь авч судалгаа хийх зорилгоор нэг барилгын компани дээр судлаач очжээ.
Судлаач анх тааралдсан ажилчнаасаа энд ямар ажил хийдгийг нь асуухад нөгөөх нь "Чи чинь сохор юм уу?" гэж бухимдангуй хэлээд "Энэ том том хад чулууг ажлын шаардлага хангахгүй багажаар хагалан тэнд овоолж байна. Энэ тамын халуунд шатан шатан энэ ажлыг хийх нь надад үнэхээр хэцүү байна. Үхлээс хүнд хэцүү ажил гэж энэ байна даа" гэв.
Судлаач тэндээс хурдхан холдож өөр нэг ажилчин дээр очжээ. Тэгээд жаахан эмээсхийн, өмнөх хүнээс асуусан асуултаа тавьжээ.
Харин нөгөө ажилчин "Уран барилга барих барилгын чулуу бэлдэж байна. Хэдийгээр нэг хэвийн хүнд ажил ч гэсэн гэр бүл үр хүүхдээ тэжээх ажилтай байна гэдэг чинь сайхан шүү дээ. Үүнэээс хүнд байдалд байгаа хүмүүс зөндөө байгаа". Ийм хариулт сонссон судлаас бага зэрэг зориг орон гурав дахь хүндээр очин:
"Та юу хийж байгаа юм бэ ? " гэж асуухад нөгөө хүн:
"Та харахгүй байна гэж үү? " гээд тэнгэр лүү заагаад "ариун гэгээн сүм барьж байна, энэ ажилд гар бие оролцож буй минь үнэхээрийн золтой хэрэг шүү" гэж хариулжээ.
Хамгийн сонирхолтой нь энэ гурван ажилчин яг ижилхэн ажил хийж байжээ.
Ингээд л бодохоор үнэхээр аливаа юмыг ямар цонхоор яаж харахаас л шалтгаална гэж... Гэхдээ улаан цайм хэрээг харчаад хун байна гэх нь хаашаа юм. Гагцхүү хун шиг байдаг бүхий л зүйл хар л болохоос хэрээнд байдаг ш дээ гэж хармаар байвал харах хэрэгтэй. Энэ бол таны сонголт, таны цонх байх болно.
Дурлал сохорсон нь
Солиот модонд нүүрээ наан тоолж эхлэхэд Гэнэн зан модны ард, Зориг хамгийн алсын одонд, Хайр тэнгисийн мандалд, Шударга кактусын талбайд нуугдахад, Худал хуурмаг чулууны ард нуугдана гэчихээд нэг уулын ард нуугджээ...
Солиот 86-87-88-89 . . . гээд тоолсоор байв. Гэтэл Дурлал ганцаархнаа нуугдаагүй үлджээ. 91- 92- 93 ... Дурлал сандран гүйсээр сарнай цэцгийн талбайд нуугджээ... 98- 99- 100 Солиот тоолж дуусаад эргэгж хараад хамгийн түрүүнд Залхуу занг олов. Тэр модны доор унтаж хоцорсон байлаа. Дараа нь Шударгыг кактусын талбайгаас, модны араас гэнэн занг гэсээр Дурлалаас бусдыг нь олов. Дурлалыг олоогүйдээ Солиот бухимдаж бүх газрыг нэгжсэн боловч сарнай цэцгийн талбайд үзсэнгүй. Атаач зан Дурлалд атаархан түүний хуугдсан газрыг Солиотын чихэнд сэмхэн шивнэжээ. Солиот гартаа жад барин тийш гүйж Дурлалыг хармагц уурлан түүн рүү жадаа шидтэл нүдийг нь оночихов. Тэгээд үнэхээр харамсаж " Би юу хийчих нь энэ вэ?, яах вэ? " гэж сандрахад нь Дурлал "Нэгэнт чи миний нүдийг эргүүлж өгч чадахгүйгээс хойш амьдралын минь туршид хөтөч минь бол" гэжээ...
ТЭР ЦАГААС ХОЙШ ДУРЛАСАН ХҮН СОХОР ЮМ ШИГ БОЛЖ, ЮУ Ч ХИЙХЭЭС БУЦАХГҮЙ СОЛИОТОЙ БОЛДОГ БОЛЖЭЭ.
"Сургамжит өгүүллэгүүд- 1" 46-р тал.
Энэ өгүүллэгээс нэг л юм ойлгомжгүй байгаамаа надад. Дурлал ,Хайр хоёр юугаараа ялгаатайн бол? Бас хүнд хайртай болсон хүн сохор юм шиг л хайрласан хүнийх нь бүх л юм төгс санагдаж, солиотой үйлдлүүд хийдэг л биз дээ?!
Нэг аяга сүү
Он жилүүд урсан өнгөрч Хорвард бага сургууль, лицей, их сургуулиа төгсчээ. Цаг хугацаа урссаар л. Алдартай Жонс Хипконсын их сургуулийн доктор Хорвард Келлигийн удирддаг эмнэлэгт нэгэн хүнд өвчтөн иржээ. Бусад эмнэлэгт
эмч нар эмчлэх байтугай оношилж чадаагүй аж. Доктор Хорвард өвчтөний түүхтэй танилцахад бага нас нь өнгөрсөн танил тосгон...бас мартаагүй нэр... Өвчтний өрөөнд үзлэг хийхээр орвол яг мөн. Олон жилийн өмнө өөрт нь усны оронд сүү өгсөн тэр сайхан сэтгэлтэй охин мөн байлаа. Харин өвчинд шаналсан эмэгтэй Хорвардыг хэрхэн таних билээ? Доктор Хорвард түүний төлөө бүхнийг хийжээ. Эцэст нь бүсгүйн амь нас аврагджээ. Эмчилгээ дуусч эмнэлгээс гарах өдөр тэр эмэгтэйн эмчилгээ, хагалгаа, үйлчилгээний зардал 10000$ болсныг батлуулахаар докторт авч очвол Хорвард төлбөрийн хуудсан дээр ямар нэгэн юм бичээд эмэгтэйд аваачиж өгөхийг хүсэв. Ийм их эмчилгээ асар их төлбөртэйг мэдэх эмэгтэй айж санаа зовсоор дугтуйг задалвал " Та эмчилгээнийхээ төлбөрийг олон жилийн өмнө НЭГ АЯГА СҮҮ-ээр төлсөн" . Доктор Хорвард гэсэн гарын үсэг байжээ.
"Сургамжит өгүүллэг-1" 65-р хуудас.
Найз гэж нэрлэхээргүй санагдсан.
- " Ааваа, ээжээ би харих гэж байна. Эхлээд нэг юм гуйж болох уу? Би нэг найзтайгаа хамт очих гэсэн юм."
- " Тэгэлгүй яахав найзтай чинь танилцахдаа баяртай байх болно."
- " Заавал хэлэх хэрэгтэй бас нэг зүйл байна. Найз маань дайны үеэр тэсрэх бөмбөгт өртөж шархтаад нэг хөл нэг гаргүй болчихсон. Өөр очих газар байхгүй болохоор бидэнтэй хамт амьдрахыг зөвшөөрөөч"
- " Үүнийг сонсоход харамсалтай байна, хүү минь. Түүнийг байж болох өөр газар олоход нь тусалж болох юм.
- " Үгүй ээ ээжээ, ааваа түүнийг бидэнтэй хамт байхыг би хүсч байна."
- " Хүү минь түүнийг биднээс юу хүсч байгааг нь чи мэдэхгүй байна. Түүн шиг тахир дутуу хүн бидэнд хүнд ачаа болно. Бид өөрсдийн гэсэн амьдралтай улс. Ийм мэт зүйл бидний амьдралд төвөг, дарамт болохыг бид зөвшөөрөхгүй. Чи наад найзаа мартаад гэртээ хүрээд ир" гэжээ.
Яг энэ үед хүү утсаа тасаллаа. Хүүгийн гэр бүл хэсэг хугацаанд хүүгээсээ сураг сонссонгүй холбоо тасрав. Хэд хоногийн дараа Сан Францискогийн цагдаагийн газраас гэр лүү нь залгаж хүүг нь өндөр байшингийн дээрээс унаж нас барсныг дуулгав. Цагдаа үүнийг азгүй тохиолдол биш амиа хорлолт гэлээ.
Гүн эмгэнэлд автсан эцэг эх хоёр нь тэр дороо Сан Франциско руу нисэн очиж хүүгийнхээ цогцсыг танихаар хотын моорог руу очив. Аав ээж хоёр нь хүүгээ тэр дор нь танилаа. Харин хэзээ ч төсөөлөөгүй зүйлийг мэдээд харамсан амаа барив... Хүү нь зөвхөн нэг гар, нэг хөлтэй байлаа.
"Сургамжит өгүүллэгүүд-2" 47-р талв
Энэ өгүүллэгээс нэг зүйл л үнэхээр ойлгогдлоо. Тантай ярилцах гэсэн, таниас зөвлөгөө авах гэсэн хэнтэй ч чин сэтгэлээсээ , нөхцөл байдлыг мэдрэн ярилцаж байх хэрэгтэй гэж... Таньд л итгэн харилцан ярихыг тэр хүн хүссэн шүү дээ. Ам бол хамар доорх хагархай биш , харин бодож, мэдэрч, тунгаасан үгс л түүнээс гарах ёстой ажээ.
Хайрын түүх
Хайр үргэлж бүгдээс хоцордог байсан тул юу ч болсон эцсийн мөч хүртэл хүлээхээр шийджээ. Тэгээд арал живэх үед хайр бусдаасаа тусламж гуйхаар шийдэн маш том завинд суугаад явахаар зэхэж буй Шуналаас " Намайг аваад яваач" гэж гуйхад Шунал " Үгүй , завиндаа хэтэрхий их алт , мөнгө ачсан учраас чамайг багтаах зай алга" гэлээ. Хайр, үзэсгэлэнтэй сайхан завинд суусан Их зангаас тусламж гуйхад тэр " Би чамд туслахгүй. Чи нэвт норсон байгаа тул завийг минь муухай болгочихно" гэжээ. Хажуудаа байсан Уйтгар гунигаас Хайр " Чамтай хамт явъя" гэхэд хариуд нь " Өө хайр минь, би үнэхээр их гунигтай байгаа тул ганцаар баймаар байна" хэмээв. Аз жаргал хажуугаар нь өнгөрсөн боловч туйлын аз жаргалтай байсан тул Хайр түүнийг дуудавч Аз жаргал түүнийг сонссонгүй.
Гэтэл Хайр хэн нэгэн өөрийг нь дуудаж байгааг сонсжээ. "Хайр минь , хүрээд ир би чамайг авч явъя" хэмээн нэгэн настан дуудсан байлаа. Харин Хайр өөрийгөө азтайд тооцон, баярласандаа түүний нэрийг асуухаа мартжээ. Шинэ газар очсон хойноо тэд өөр өөрийн замаа хөөжээ. Настанд хэчнээн их өртэйгээ мэдэрсэн Хайр Мэдлэгээс "Надад хэн тусалсан юм бэ?" гэж асуусанд "Цаг хугацаа" гэж хариулжээ. "Цаг хугацаа гэнэ ээ? Яагаад надад тусалсан юм бол?" гахад Мэдлэг инээмсэглэн байж хариулсан нь " Учир нь зөвхөн Цаг хугацаа л Хайр хэчнээн агуу, чухал зүйл болохыг ойлгодог юм" гэжээ.
Энгийн сонжоон зөвлөмж
Танд хэцүү үед өдөр нэг найз тань танд чин сэтгэлээсээ , санаачлага гарган танд туслах оролдлого хийжээ. Өөрийнхөө зүгээс хийж болох , хийж чадах бүхий л зүйлээ найз тань хийсэн гэж бод. / Бүтсэн бүтээгүй нь хараахан тодорхой биш бөгөөд тэр нь таны найзааас шалтгаалахгүй хүчин зүйл л үлдсэн./ Харамсалтай нь ажил бүтэлгүйтжээ. Харин орой гэртээ ирэн мессенжерт тааралдахад нөгөө найз тань таниас өдрийн ажлын үр дүн ямар болсон талаар асуужээ. Юу болов? Яав ийв гээд . Харин танд хүнтэй ярилцах хүсэл байсангүй ээ. Та энэ үед юу хийх вэ?
1/ Тэр надад шальтай туслаагүй байж гай удаад байгаад нь ундууцна
2/ Надад хэцүү байсан ч юу болсныг хэлсэн болно
3/ Хэдийгээр бүтээгүй ч түүний зүтгэлийг талаар болсныг эергээр ухааруулан тэрэнд урам өгөхийг хичээнэ.
4/ Хариу бичилгүй мессенжрээс гарна.
Хариулт
1/ Та бол жинхэнэ новш юм байна. Хүн гэдэг сэтгэлийн амьтан гэдгийг та ойлгодог ч үгүй . Хичнээн найзын тань зүтгэл талаар болсон ч тэр ямар ч учир шалтгаантай байсан гэсэн өөрийнхөө зүгээс чадах бүхнээ хийсэн. Таны хийгээгүйг л тэр хийж өгсөн шүү дээ. Энэ янзаараа байвал удахгүй та түмэн хүн доторх ганцаардмал нэгэн болоход ойрхон байна шүү!!!
2 / Та бол яахвээ хүн мөн л юм байна. Таны амьдралын таагүй үе байсан ч найзыгаа бага ч болов хүндэлжээ. Хүн чанарын хэлтэрхий ч болов танд байна гэж дүгнэх байна.
3/ Та бол жинхэнэ гайхамшиг. Үнэхээр бүтэлгүйтэл тохиолдсон нь таны амьдрал боловч та найзыгаа бас өөрийгөө хүндэлж , нөхөрлөл болоод хүний сэтгэл зүтгэлийг үнэлж чаддаг хүн юм. Энэ удаад та азгүйтсэн байж болох ч энэ л зангаараа та хэн ч байхгүй байлаа ч ганцаардахгүй. Таны сэтгэлийн асар их тэвчээр болоод бусдыг хайрлах , бусдад баярлах чанар тань тантай үргэлж хамт дандаа эерэг хүмүүсийг танд түүж олж өгөх болно
4/ Та бол дундын дундаас арай доогуур л хүн. Яахав бүүр нойл биш юмаа. Хүний сэтгэлийг үнэлэж чаддаггүй ч хүн чанарт сэтгэл хонгилийн үзүүрт гялайж байж магадгүй л юм. Гэхдээ үгүй ч байж магадгүй. Уурандаа багтарсандаа элдэв үг хэлэхээс болгоомжилсон уу эсвэл муу мэдээ дуулгаж урмыг нь хугалахаас эмээсэндээ юу ? Ямартай ч тодорхойлох хүн нь та өөрөө.
Хүний найз нөхөд уулын мод шиг урттай богинотой. Гэхдээ юугаар ч үл сольж болох үнэнч андыг таньж чадалгүй гомдоовол эргээд та өөртөө гутрах болно гэдгийг л санагтун!
Буруу ойлгогдохоос л айжийн
Байдаг л жирийн өвлийн дулаавтар өдрүүдийн нэг байлаа. Эрт босч чадаагүйгээс эхний цагийн хичээлээ тасалчихаад аажуу уужуу очсон болохоор хамаг юмаа амжуулчихсан уг нь сэтгэгдэл их л өндрөөр сургуулийн коридороор алхан ангидаа орсон юм. Манай л хичээлийн онцлог тул бид хичээлийнхээ туршид ангиараа мэтгэлцэж, хэлэлцэж, ярилцсаар байгаад цаг гучин минут нисэх мэт л өнгөрөөд завсарлах цаг болчихжээ. Найзтайгаа цуг ангиас гарч 3-н давхраас нэг давхар хүрээд эргээд дараагийн цагийн хичээлдээ суухаар гурван давхар луу гүйхдээ юу болсон юм гэмээр ам хамхилгүй сонин хачин найзтайгаа ярьсаар бараг л хэтрүүлж хэлбэл утаа гарах шахам явж байсан байх шүү. Гурван давхар... Яг энд л нөгөө гайтай хэрэг явдал болчихвоо.
Завсарлагааны цаг тул сургулийн коридор хөл хөдөлгөөн ихтэй , хүмүүсээр дүүрэн байв. Шатаар дөнгөж гартал миний нэг таньдаг хүн хүмүүстэй юм яриад зогсож байгаа харагдлаа. Олон хүтүүсийн дунд байсан болохоор нь нэг дуугарахгүй өнгөрчихөөс гэсэн бодол орж ирснээ ах хүнтэй мэндлээч гэсэн дуу дотроос хатгачихвуу гэлтэй нэрийг нь хэлэн " Сайн уу ........... ахаа " гэчихээд өнгөрсөн юм. Яг л энэ гайтай явдал...!
Хүнтэй мэндэлснээ хэлээгүй шүү. Хамгийн гол нь тэр хүний хажууд миний хамгийн их харахыг хүсэж байсан, мэндэлбэл зохих нэг хүн зогсож байсныг найз маань хэлэхэд ёстоы тархин дундуур татаад авна гэхчээр болоод явчлаа . Яанаа , үгүй ээ , би харсангүй шдээ гэж өөрийгөө өмөөрсөн ч 50 сатиметр ч хүрэхгүй зайнаас хүн харахгүй өнгөрнө гэдэг овоо харалган хүн байнаа. Арай ч дээ. Уг нь бол тийм сүртэй биш байж болох ч " Байгаагаараа л үргэлж байдаг чинь ......." гэж хэлж байсан хүндээ үл тоосон ч юм шиг, их зан гаргасан ч юм шиг харагдахаар ийм үйлдэл гаргачихсандаа одоо болтол тайвширч сайн чадахгүй л байна дөө.
Буруу л ойлгогдохгүй юмсан , бусад нь ч яах ва гэж...
Муу тэнэг нулимс, боль тэх үү , чамайг хэн ч хүсээгүй байна
Саяхан миний номон дээр нэг хүн суучих юм. Ер нь би биш байлаа ч , уншдаггүй байлаа ч , яаж ч бодсон номоо хүний сандал болгох дуртай хүн лав байхгүй байх. Хүний өгзөгөө тавьдаг сандал, цагаан цаасан дээр хараар ч юм уу бичсэн бичигтэй ном хоёр чинь шал өөр зүйлс биз дээ.
За яахав . Хүн алдаа гаргалгүй яахав . Хэн ч ил харсан тодорхой байхад "ҮГҮЙ" гэж мэлзсээр байгаад намайг харин новшийн сүртэй хэрүүлч болгочхийн. Өөрийнхөө хийсэн зүйлийн төлөө шударгаар хариуцлагаа хүлээчиж яагаад чаддаггүй байнаа.
Учраа хэлээд уучлал гуйсан хүнтэй би маргалдаж , хэрэлдэж, өөрийгөө ч өрөөлийг зовоохгүйсэн. Яджаахад учрыг нь ойлгоогүй байж бамбай бологч этгээдүүд болиосой. Сэтгэлийн хөөрлөөр, царайг нь харж хэн нэгний талд орж өмгөөлөх нь тэгээд Монголын нэг уран сайхны кинон дээр гардгаар"Ариун явдал юм уу", шударга хэрэг юм уу .
Би өөрийнхөө л үзэл баримтлалыг хамгаалсан. Яадгийм. Хэн нэгнээс нь эвдэрсэн тэнэг ааштай гэж сонссон ч би зөв гэж боддог зүйлийнхээ л төлөө тэмцсэн.
Гэтэл Муу тэнэг нулимс, боль тэх үү , чамайг хэн ч хүсээгүй байна. Бусад хүн надтай новш шиг харьцвал зөрүүлээд би бас хог харьцаж чадийшд.
Би гомдохгүй /өгүүллэг/
Тэр нэгэн өдөр сургуулийн жорлонд уйлж суухдаа балчирхан зүрх минь өөрөө ч мэдэлгүй түүнийг ямар их санаснаа ойлгосон юм.
Эргээд ангидаа ороход хүүхдүүдэд анзаарагдчихвий дээ гэсэндээ хэдэн жил ядаж ганц ч дуслаагүй нулимсаа би арчиж амжихгүй угаалтуур луу унагааж байлаа. Нулимс минь хамар, хацар даган нүд нүүрийг минь бүрхэн асгарсаар л … Хүнд чинь баярлахаараа, гомдохоороо ядаж л айхаараа гээд уйлах тодорхой бөгөөд ноцтой шалтгаан байдаг сан. Гэтэл би тэр үед хэдэн жилийн турш тааралдаж уулзах нь битгий хэл нэрийг нь хэлэхээс зүрхшээн, “ би түүнийг үзэн яддаг” гэсэн бодолтой л цуг санагддаг тэр хүн надтай уулзахаар олон жилийн дараа ирсэн өдөр байсан юм.
9-р сарын сүүлч л байсан тул бид 2-р ангийн сурах бичгийнхээ талд нь ч орох болоогүй байлаа. Харин хичээл дундаа орчихсон самбарын дээд талын цагны богино зүү 3-н цагийг зааж байв. Түрүүхэн ангийн хаалга онгойж багш гарсан бөгөөд түүнээс хойш нэг их удаагүй санагдана. Багш орж ирээд намайг дуудаад ангийн хойд талын өрөө рүүгээ алхлаа.
Багш цай уугаад орхие, чи энийг самбар дээр бичээд хүүхдүүдэд хуулан бичлэг хийлгээд байж бай гэж л хэлэх гэж байгаа биз гэж бодон тоомжиргүйхэн дагаж өрөөнд нь орсон надад багшийн хэлсэн үг тэр үедээ л үүлгүй тэнгэрээс аянга цахиулаад явчихлаа.
- Аав нь ирсэн, гарч уулз даа , чамайг авч явах гэсэн юм гэж байна, багш нь чөлөө өгье гэх нь тэр…
Аймшгийн кино ганцаараа сууж үзсэн ч юм шиг, өчнөөн тойрог гүйчихсэн ч юм шиг зүрх гуай чинь цээн нэвтэртэл цохилон
- Багш аа би уулзахгүй ээ , хүсэхгүй байна, та тэр хүнийг яв гээд хэлчих гэснээ л санах юм. Гэхдээ тэрнээс хойш хэдэн хором юу болсныг бүү мэд би ангийнхаа хаалгыг дотроос нь онгойлгоод гарлаа. Тэр л үед цээжний мухраас дээшээ нэг юм өгсөөд л яг хоолойн дээр ирээд гацчих шиг болчихсон . Залгия аа доошлох шинжгүй, гаргая аа гэхэд амаар биш нүдээр урсан гарчих гээд яаж ч болохгүй хэдэн минут хэл нь татчихсан юм шиг зогсчих нь тэр. Хэнбугай ч байсан нэвтэлж дийлэхгүйгээр бат хэрэмлэж хуягласан миний зүрх хэнийг ч юуг ч нэвтрэхийг минь зөвшөөрөхгүй гэж бодож байсан тэр бодлыг маань аав маань ирэхийн төдийд л бут цохичихно гэж яаж мэдэх билээ.
Аав явахаасаа өмнөх орой нь
- Аав нь охиндоо хайртай шүү гээд уйлж байхад нь би хичнээн их өрөвдөж байлаа даа. Гэтэл маргааш нь л гэхэд надад ч хэлэлгүй өөр хүүхдийн аав болохоор явчихад нь “аав гэдэг хүн миний хувьд өнөөдрөөс эхлээд үхсэн” гэж өөртөө хэлэн зүрхнийхээ бат хэрмийн хаалгыг хэчнээн чанга түгжиж шаввардаж хатаагаад энэ хэдэн жилд хэнийг ч ойртуулахгүй түгжсэнийг минь би бас миний дотор хүнээс өөр хэн ч мэдээгүй билээ.
Харин гэтэл тэр өдөр гомдсон зүрх минь тайтгарсандаа тэрүү, бэтгэрсэн сэтгэл минь тайлагдсандаа тэр үү шавар хана хэрэм битгий хэл төмрийг ч байсан дэвтээн нураачмаар усан дуслууд урсгасаар суусан ч дотор нь минь онгойгоод сайхан байсан юм.
Надад аав дахиж заяахгүй ч би тандаа гомдогүй ээ.

