Saturday, April 25, 2009

Хайрын түүх

Нэгэн цагт Хайр, Уйтгар гуниг, Шунал, Мэдлэг, Аз жаргал, Их зан зэрэг хүний бүх мэдрэмж нэг арал дээр амьдардаг байжээ. Гэтэл арал нь живэх болсон тухай мэдэгдэж бүгд л арлаа орхин явахын тулд завиа бэлдэцгээжээ.
Хайр үргэлж бүгдээс хоцордог байсан тул юу ч болсон эцсийн мөч хүртэл хүлээхээр шийджээ. Тэгээд арал живэх үед хайр бусдаасаа тусламж гуйхаар шийдэн маш том завинд суугаад явахаар зэхэж буй Шуналаас " Намайг аваад яваач" гэж гуйхад Шунал " Үгүй , завиндаа хэтэрхий их алт , мөнгө ачсан учраас чамайг багтаах зай алга" гэлээ. Хайр, үзэсгэлэнтэй сайхан завинд суусан Их зангаас тусламж гуйхад тэр " Би чамд туслахгүй. Чи нэвт норсон байгаа тул завийг минь муухай болгочихно" гэжээ. Хажуудаа байсан Уйтгар гунигаас Хайр " Чамтай хамт явъя" гэхэд хариуд нь " Өө хайр минь, би үнэхээр их гунигтай байгаа тул ганцаар баймаар байна" хэмээв. Аз жаргал хажуугаар нь өнгөрсөн боловч туйлын аз жаргалтай байсан тул Хайр түүнийг дуудавч Аз жаргал түүнийг сонссонгүй.
Гэтэл Хайр хэн нэгэн өөрийг нь дуудаж байгааг сонсжээ. "Хайр минь , хүрээд ир би чамайг авч явъя" хэмээн нэгэн настан дуудсан байлаа. Харин Хайр өөрийгөө азтайд тооцон, баярласандаа түүний нэрийг асуухаа мартжээ. Шинэ газар очсон хойноо тэд өөр өөрийн замаа хөөжээ. Настанд хэчнээн их өртэйгээ мэдэрсэн Хайр Мэдлэгээс "Надад хэн тусалсан юм бэ?" гэж асуусанд "Цаг хугацаа" гэж хариулжээ. "Цаг хугацаа гэнэ ээ? Яагаад надад тусалсан юм бол?" гахад Мэдлэг инээмсэглэн байж хариулсан нь " Учир нь зөвхөн Цаг хугацаа л Хайр хэчнээн агуу, чухал зүйл болохыг ойлгодог юм" гэжээ.

No comments:

Post a Comment