Тэр нэгэн өдөр сургуулийн жорлонд уйлж суухдаа балчирхан зүрх минь өөрөө ч мэдэлгүй түүнийг ямар их санаснаа ойлгосон юм.
Эргээд ангидаа ороход хүүхдүүдэд анзаарагдчихвий дээ гэсэндээ хэдэн жил ядаж ганц ч дуслаагүй нулимсаа би арчиж амжихгүй угаалтуур луу унагааж байлаа. Нулимс минь хамар, хацар даган нүд нүүрийг минь бүрхэн асгарсаар л … Хүнд чинь баярлахаараа, гомдохоороо ядаж л айхаараа гээд уйлах тодорхой бөгөөд ноцтой шалтгаан байдаг сан. Гэтэл би тэр үед хэдэн жилийн турш тааралдаж уулзах нь битгий хэл нэрийг нь хэлэхээс зүрхшээн, “ би түүнийг үзэн яддаг” гэсэн бодолтой л цуг санагддаг тэр хүн надтай уулзахаар олон жилийн дараа ирсэн өдөр байсан юм.
9-р сарын сүүлч л байсан тул бид 2-р ангийн сурах бичгийнхээ талд нь ч орох болоогүй байлаа. Харин хичээл дундаа орчихсон самбарын дээд талын цагны богино зүү 3-н цагийг зааж байв. Түрүүхэн ангийн хаалга онгойж багш гарсан бөгөөд түүнээс хойш нэг их удаагүй санагдана. Багш орж ирээд намайг дуудаад ангийн хойд талын өрөө рүүгээ алхлаа.
Багш цай уугаад орхие, чи энийг самбар дээр бичээд хүүхдүүдэд хуулан бичлэг хийлгээд байж бай гэж л хэлэх гэж байгаа биз гэж бодон тоомжиргүйхэн дагаж өрөөнд нь орсон надад багшийн хэлсэн үг тэр үедээ л үүлгүй тэнгэрээс аянга цахиулаад явчихлаа.
- Аав нь ирсэн, гарч уулз даа , чамайг авч явах гэсэн юм гэж байна, багш нь чөлөө өгье гэх нь тэр…
Аймшгийн кино ганцаараа сууж үзсэн ч юм шиг, өчнөөн тойрог гүйчихсэн ч юм шиг зүрх гуай чинь цээн нэвтэртэл цохилон
- Багш аа би уулзахгүй ээ , хүсэхгүй байна, та тэр хүнийг яв гээд хэлчих гэснээ л санах юм. Гэхдээ тэрнээс хойш хэдэн хором юу болсныг бүү мэд би ангийнхаа хаалгыг дотроос нь онгойлгоод гарлаа. Тэр л үед цээжний мухраас дээшээ нэг юм өгсөөд л яг хоолойн дээр ирээд гацчих шиг болчихсон . Залгия аа доошлох шинжгүй, гаргая аа гэхэд амаар биш нүдээр урсан гарчих гээд яаж ч болохгүй хэдэн минут хэл нь татчихсан юм шиг зогсчих нь тэр. Хэнбугай ч байсан нэвтэлж дийлэхгүйгээр бат хэрэмлэж хуягласан миний зүрх хэнийг ч юуг ч нэвтрэхийг минь зөвшөөрөхгүй гэж бодож байсан тэр бодлыг маань аав маань ирэхийн төдийд л бут цохичихно гэж яаж мэдэх билээ.
Аав явахаасаа өмнөх орой нь
- Аав нь охиндоо хайртай шүү гээд уйлж байхад нь би хичнээн их өрөвдөж байлаа даа. Гэтэл маргааш нь л гэхэд надад ч хэлэлгүй өөр хүүхдийн аав болохоор явчихад нь “аав гэдэг хүн миний хувьд өнөөдрөөс эхлээд үхсэн” гэж өөртөө хэлэн зүрхнийхээ бат хэрмийн хаалгыг хэчнээн чанга түгжиж шаввардаж хатаагаад энэ хэдэн жилд хэнийг ч ойртуулахгүй түгжсэнийг минь би бас миний дотор хүнээс өөр хэн ч мэдээгүй билээ.
Харин гэтэл тэр өдөр гомдсон зүрх минь тайтгарсандаа тэрүү, бэтгэрсэн сэтгэл минь тайлагдсандаа тэр үү шавар хана хэрэм битгий хэл төмрийг ч байсан дэвтээн нураачмаар усан дуслууд урсгасаар суусан ч дотор нь минь онгойгоод сайхан байсан юм.
Надад аав дахиж заяахгүй ч би тандаа гомдогүй ээ.


No comments:
Post a Comment