Хэдхэн хоногийн өмнө би нэг блогт сэтгэгдэл үлдээснээ санаж байна. Юу гэж бичсан бэ гэхээр Улаанбаатарын өвлийн тухай юм л даа. Би тэнд бичихдээ : Энэ өвөл ёстой онцгүй. Ядаж байхад гол бэлэг тэмдэг болсон цас нь хүртэл жинхэнэ утгаараа орж, байж чадахгүй юм гэсэн хотын өвөл болоод цасыг муучилсан сэтгэгдэл үлдээсэн билээ.
Яг өчигдөр өглөөг хүртэл би хотод орсон байгаа цасыг шороотой холилдож өнгөө алдсан, хөлдөж дагтаршаад халтирч савж унагах гулгуур бий болгосон, алхах хурдыг сааж, явах эрчийг бууруулдаг аюул осол нэмэгдүүлэхээс өөр ямар ч нэмэргүй гэж бодож байлаа. Товчхондоо цас гэх юу ч байхгүй хог гэж л ...
Гэтэл өчигдөр өглөө замын хажуугаар ганцаараа алхаж яваад анзаардаггүй байсан сайхан зүйлийг олж үзлээ. Өглөөний нар тэнгэрийн зүүн хаяанаас холдож амжаагүй байсан тул миний явах замын өөдөөс ээж байсан юм. Өнгөт хавтангийн завсраар орж чигчигдсэн болоод түүний ирмэгээр шороотой холилдож халтартсан ч гэлээ цас гялтганаж байлаа. Хүн хүний хөлд гишгэгдэж, шүлс, цэр зэргээр бохирлогдөж хөвсгөр, цагаан гээд цасны шинж байхгүй болсон ч гэлээ газраас тэд гялалзаж ,гялтганаж байлаа. Тэр л өглөөний нарны туяа илч гэрлээрээ дэмжихэд л цасны үнэн мөн чанар дорхноо л сэргэж , өөрийгөө харуулсан юм. Миний анзаараагүй болгон байхгүй гэсэн үг биш, би олж хараагүй бүхэн алга болсон хэрэг биш гэдгийг ухаарлаа. Яаж ч дарах , далдлах , нуух, хаах гэсэн ч жинхэнэ мөн чанар далдлагддаггүй юм байна.
Subscribe to:
Post Comments (Atom)


No comments:
Post a Comment